БИД ХААНААС ИРСЭН БЭ?

Зураач Ж. Отгон-Эрдэнэ өөрийн бие даасан 2 дахь уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Бид хаанаас ирсэн бэ” сэдэвтэйгээр 2019 оны 11-р сарын 3-наас 16-ны өдрүүдэд Норфей Арт Галерей (Norphei Art Gallery)-д гаргаж байна.

Зураачийн энэхүү үзэсгэлэнгийн уран бүтээлүүд нь хүний амьдралын утга учир, хайр сэтгэл, Монгол хүн, төр улс, уламжлалыг уран зургийн олон өнгө, хэлбэрээр өвөрмөцөөр дүрслэн харуулсан байна.

“Орчин үеийн урлагийн гол онцлог нь тухайн бүтээлийн утга санааг хүмүүст ойлгуулж, оролцуулж, сэтгэн бодуулахад чиглэгдэж байна. Бид хаанаас яах гэж ирсэн бэ гэдэг асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзвэл хариултыг мэдэх болно. Энэ үзэсгэлэнг гаргах болсон учир нь бид дээд тэнгэрээс ирсэн Бурханы бэлэг бөгөөд бид бүгд хүүхэд байсан. Хүүхэд бүрийг тэнгэр элч нар хамгаалж байдаг. Мөн бүх хүнд өөрийн хувь тавилан, түүх байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Хамгийн гол нь энэ амьдралд бид бусдыг хайрлах гэж, бусдад гэрэл болох гэж ирдэг гэдгийг ойлгох явдал. Хайр бодит бөгөөд 2 хүний ариун нандин харилцаа юм. Хайр бол тоглоом биш, хайрын олон янзын өнгө, хэлбэр байдаг. Хайр агуу бөгөөд хайр дотор бүхий л энэрэл өршөөл, уучлал байдаг. Яаж гэрэлтэх вэ? Энэ их энгийн ойлголт, бид бие биениййгээ хүндлээд, бие биендээ туслахад л гэрэлтэж чадна. Эцэст нь бид энэ дэлхийд ирсэн шигээ буцаад явна тэгэхдээ бид юу хийсэн, хэлсэнээрээ хэзээ нэгэн цагт заавал шүүгдэнэ. Тиймээс бүх зүйлдээ хариуцлагатай байж бие биенээ хүндэлж, хайрлаж, тусалж, гэрэлтэж амьдраад алтан гудамжтай хэмжигдэхүүнд бүгд амьдраасай гэсэн санаагаа хүмүүст түгээхийн тулд энэ үзэсгэлэнгээ гаргаж байна. Контемпорари урлаг нь 1-рт сэтгэлгээний урлаг, 2-рт цоо шинэ үзэл санаа, материал шаардсан урлаг юм. Тиймээс Монголд анх удаа хамба хилэн материал дээр зураг зурсан анхны зураач болсондоо баяртай байна. Бүгдээрээ гэрэлтэж амьдарья” гэж зураач Ж. Отгон-Эрдэнэ ярилаа.

Энэхүү бие даасан үзэсгэлэнгийн онцлог нь зураач бүх бүтээлүүдээ хамба хилэн материал дээр алтлаг, мөнгөлөг ялтас зэрэг өвөрмөц өнгө будгаар хослуулан туурвисан нь уран зургийн салбарт шинэлэг өнгө төрхийг нэмж чаджээ.

2015 оноос хойш бүтээлээ туурвин гадаад, дотоодын олон үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчийн өвөрмөц шинэлэг бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл Та Норфей Арт Галерейгаар зочлоорой.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК