“ЖУДАГ” Монгол – Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулж “Шизүкэ” буюу Монголоор орчуулбал “Жудаг” үзэсгэлэнг Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, “Билгүүн ундарга” төв, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Японы ёс зүйн “Жудаг” нийгэмлэг, “NORPHEI” Art gallery зохион байгуулж хоёр орны уран бүтээлчид оролцож байна.

Үзэсгэлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт “NORPHEI” арт галерейд нээгдэнэ. Эл үзэсгэлэнд Монголын талаас МУСГЗ, Чингис хааны одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Уран бичлэгийн мастер Д.Батбаяр, зураач, уран бичээч Б.Хишигсүрэн, уран бичээч Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Ц.Тамир нарын зэрэг 14 уран бүтээлч оролцож байна.

Япон улсаас Японы “Шуудан” банкны захирал асан Адачи Сэйжиро, Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Андо Такао, ЗГХЭГ-ын дэд дарга асан Ишихара Нобуо, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ивамура Сатоши, ГХЯ-ны Ази номхон далайн газрын захирал Канасүги Кэнжи, Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон монголын найрамдлын бүлгийн зөвлөх Шиозаки Ясүхиса, Япон улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сүгияма Шинсүкэ, Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мот-о, Каллиграфч Окано Соосэй, Оно Такеши, Зохиолч Окабэ Мари, Хикару музейн Захирал Окада Тайрикү, Азүма нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шинтани Таро, “Нихон ад” компанийн захирал Саката Юкио, “Alss” компанийн ТУЗ-ийн дарга Үмэмото Такаши нарын японы улс төрчид, хувийн хэвшил, зохиолч, уран бүтээлчдийн төлөөлөл багтсан нь бичиг, үсгийн соёлоо бүх салбарын хүмүүс нь хөгжүүлж, бичиг соёлдоо элгэмсэг ханддагийн жишээ юм.

Энэхүү үзэсгэлэнг “Жудаг” гэж нэрлэж байгаагийн тухайд Японы “Шицүкэ но кай” нийгэмлэгийн тэргүүн энэхүү үзэсгэлэнгийн номд бичихдээ Шизүкэ гэдэг үг нь Япончуудын өөрийн бүтээсэн ханз бөгөөд “биеэ сайхан авч явах” гэсэн утгатай бөгөөд “хэл, сэтгэл, биеэ цэгцтэй авч явснаар бусдын нүдэнд сайхан харагдана гэсэн санааг агуулж буй аж. Өнөөдрийн эдийн засгийн хөгжлийг дагаад эд баялаг, хөрөнгө мөнгө сонирхох хандлага нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, ёс зүй, алдагдаж, гэр бүл, сургууль орон нутагт “Жудаг” буюу хүмүүжлийг хангалттай олгож чаддаггүй байх талтай байна. Иймд хүн бүрийг “жудаг” ёс зүйд суралцахын үүднээс энэ үзэсгэлэнг ийн нэрлэжээ.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Япон Улсын элчин сайдын яам, “Diamond Angel” сан, “Orem” компани дэмжиж байгаа аж.

Энэхүү үзэсгэлэнгийн талаар Монголын орчин үеийн каллиграфчдын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.Хүрэлбаатар хэлэхдээ энэ удаагийн үзэсгэлэн нь Япон улстай хамтран гаргаж буй 5 дахь удаагийн үзэсгэлэн бөгөөд өмнө нь Токиод  Ерөнхий сайд Ш.Абэ, ээжийнхээ хамтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч болон монгол японы уран бүтээлчид хамтран оролцож байсан гэв.

Тэрээр БНАСАУ, БНСУ-тай хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж байсан бөгөөд Азийн орнуудын каллиграфчдын үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол, Японы соёлын солилцооны хөгжилд, монгол бичгийн уран татлагын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдгийг онцоллоо.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК