FLORESCENCE

Зураач Ө.Гандуламын “Florescence”

Эмэгтэй уран бүтээлч хүний ертөнц нандин бас эмзэг сэдвээр дүүрэн байдаг мэт.
Учир нь хорвоо дэлхийг уяраан хайлуулах хүч чадал зөвхөн тэдний мутраас л урган гардаг буй за.
Ирж буй урин хаврын шигтгээ болсон нэгэн үзэсгэлэн “Norphei” арт галерейд удахгүй нээгдэх гэж байна. Зураач Ө.Гандуламын “Florescence” уран бүтээлийн ээлжит бие даасан үзэсгэлэнд түүний 2018 онд туурвисан шинэ бүтээлүүд тавигдах юм. Байгаль болон ургамал цэцэгсийн тухай өгүүлэмжүүд уг үзэсгэлэнгийн гол илэрхийлэл байх бөгөөд аливаа юмс үзэгдлийн гадаад үзэмж бус дотоод мөн чанарын тухай энд хүүрнэх ажээ. Үзэсгэлэнгийн нэр “Цэцэглэхүй” буюу цэцэгс боловсрон дэлбээгээ нээх тэр агшинд байгаль дэлхийн өнгө ер бусын харагдах үеийг уран бүтээлч өөрийн мэдрэхүй, зөн совингоор туурвин бүтээжээ. Байгаль дээрх өнгө гэрлийн гайхамшигийг олон үелэсэн бичилт, агаарлаг өнгийн сонголтоор баяжуулан, уран зургийн хэлээр ерөнхийлөн шийдсэн нь сүүлийн үеийн эдгээр бүтээлийн онцлог гэлтэй. Зураач Ө. Гандуламын судалгааны нэг хэсэг бол задгай орон зай дахь өнгийн илрэх шинж чанар байдаг. Тэрээр СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн уран зургийн ахлах багшаар ажиллахын зэрэгцээ уран бүтээлийн болон онолын судалгаа хийж өөрийн бүтээлийн мөн чанарыг тодорхойлсоор ирсэн байна. Үзэсгэлэнд зураачийн 30 гаруй уран зургууд тавигдах ба үзэсгэлэн 03 сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК