МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ

Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өв Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ой энэ жил тохиож байна.

Музейн хамт олон энэхүү тэгш ойг тохиолдуулан хутагт Лувсанхайдав, түүний сүм, музейн түүхэнд холбогдох гэрэл зургаас бүрдсэн “МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ” сэдэвт гэрэл зургийн цомгийг эрхлэн хэвлүүллээ. Цомогт багтсан гэрэл зургууд нь зөвхөн хутагт Лувсанхайдав, түүний сүм, музейн үүх түүхийг өгүүлээд зогсохгүй, ХХ зууны эхэн үеэс өнөөг хүртэлх цаг хугацааны Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх байдал, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт, түүх, соёлын дурсгалт зүйлд төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд хийгээд хүмүүс хэрхэн хандсан болон хандаж байгаа зэргийг харуулснаараа үнэ цэнэтэй юм. Бид тус цомгийг нийтэд танилцуулах ажлын хүрээнд “МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна.

 

МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ

XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм” цогцолборыг Төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ.

Тус сүм нь өнөөг хүртэл дөрвөн төрийн нүүрийг үзэж өнгөрүүлэхдээ ороо бусгаа цагийн хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсаар сайн цагийн эхтэй учран золгосон билээ. Үе үеийн лам хувраг, соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хичээл зүтгэл, эрдэм ухааны ачаар Чойжин ламын сүм цогцолбор, бурхан тахилууд нь харьцангүй бүрэн бүтнээрээ үлдэж чадсан юм.

1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, маршал  Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд шилжүүлснээр музей болох эхлэл нь тавигджээ.

Өнөөдөр Чойжин ламын сүм музей нь уран барилгын арван таван цогцолборт Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийц тэргүүтэй Монгол улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн 6000 гаруй үзмэрийг олон нийтэд дэлгэн жилд 30,000 гаруй үзэгчдэд үйлчилэхээс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн бид сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эрчимжүүлж, “Чойжин ламын сүм музей 1900-2016 он” баримт бичгийн эмхэтгэл, “Монголын урлаг”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, эх дагина Сүрэнхорлоо”, “Хосгүй үнэт бүтээлүүд”, “Цам” зэрэг 10 гаруй бүтээлийг эрхлэн хэвлүүлж, үзэгч, уншигчдын хүртээл болгосон билээ. Дээрхи судалгааны явцад музейн түүхэнд холбогдох хуучны ховор гэрэл зургууд архивын сан хөмрөг болон хувь хүмүүсийн цуглуулгад цөөнгүй байсан нь энэхүү цомгийг эрхлэн хэвлүүлэх санааг төрүүлсэн юм.

Тус сүм музей нь түүхийн ээдрээт цаг хугацааг хэрхэн даван туулж өнөөгийн бидэнд өвлөгдөн ирснийг түүхэн гэрэл зургаар өгүүлэх “Монгол төрийн сахиусны өргөө 110 жил” цомгийг Эрхэм таны гэгээн мэлмий, саруул ухааны таалалд өргөн барьж байна.

 

Чойжин ламын сүм музей

Зохион байгуулагч: Чойжин ламын сүм музей

Хамтран ажиллах байгууллага: Гэрэл зургийн Гамма агентлаг

Дэмжигч байгууллага: Nophei Art  галерей

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК