СҮЛЖИХ ДУСЛУУД

Поп арт шиг тод өнгөнүүд, товч дүрслэлүүд, урсах мэт шингэн ажиллагаа бол уран бүтээлч Н.Отгонбатых. Харин уран барималч Д.Очирын органик хэлбэр, хэмнэл бүхий дуслуудаас бүрдсэн нууцлаг дүрст барималууд энэхүү «СҮЛЖИХ ДУСЛУУД» үзэсгэлэнг бүрдүүлжээ. Яагаад СҮЛЖИХ ДУСЛУУД гэж нэрлэсэн юм бол гэж та гайхаж байна уу? Тэгвэл үзэсгэлэнд хүрэлцэн ирж уран бүтээлч залуусаас өөрсдөөс нь асуугаарай.

Гэвч миний бодлоор нэрний учрыг үзэгч та бүтээлүүдийг нь хараад тэднээс асуух шаардлагагүй ойлгох байх. Дүрслэх урлагт symbol буюу дүрслэлээр юмсыг төлөөлүүлэх нь уламжлалт арга хэдий ч Н.Отгонбат, Д.Очир нарын бүтээл өөр өөрсдийн өнгө аястай. Төлөөлүүлсэн дүрслэлүүд нь ч энгийн таны мэдэх нөгөө л нэг уулс, цэцэг навчис биш шүү.

Отгонбатын эдгээр бүтээлүүд нь ховсдох мэт өнгөний тоглолт дүүрэн дусал ба урсгалуудаас бүрдэнэ. Тэрээр шинийг эрэлхийлэн хянахад тийм ч амаргүй материал сонгосон нь зоригтой алхам болжээ. Өнгө хоршин, алгуурхан урсан хөдлөх мэт дуслууд бүдүүн ширхэгт зотон дээр контраст үүсгэн тодорно. Танд дэлгэж буй эдгээр бүтээлүүд нь хүн та бидний араншинг өгүүлэх түүний илэрхийлэл… Зөвхөн ажиллагаа гэлтгүй хэллэгийн хувьд нилээн товч буюу минимал дүрслэл ашиглахдаа нэг талаас үлгэр домгийн амьтад эсвэл бүсгүй хүний уян хөдөлгөөнт дүрслэлүүд байхад нөгөө талаас морь, хүн чулуу зэрэг содон огтлол, хуваалт, контрастаар санаагаа төгс илэрхийлжээ.

Хүмүүс бид дуслаас л үүсэн бүрдсэн шүү дээ хэмээн бүтээлүүдээ дэлгэн үзүүлэх Д.Очирын баримлууд хэмжээ нь жижгэвтэр болоод ч тэр үү эсвэл органик хэлбэрүүд, өнгө нь ч тийм мэдрэмж төрүүлэв үү? Ямартай ч маш зөөлөн яг бүтээлч шигээ намуухан хэрнээ содон мэдрэмж төрүүлж байв. Зарим баримал нь бүр хүүхдийн гэнэн гэмээр дүрслэлтэй ч агуулгын хувьд сонирхолтой, та бидний мэдэх хэрнээ мартсан тэдгээр энгийн хэрнээ чухал зүйлс эсвэл бидний эргэн тойрныхны зан араншин, дүр төрх байж мэдэх тийм танил хэрнээ сонирхолтой дүрүүд…

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК