ТООНОЛЖ

“ТООНОЛЖ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

Б.Баасансүрэнгийн “ТООНОЛЖ” уран бүтээлийн үзэсгэлэн

2018 оны 08 сарын 10-ны өдрийн 17 цагт NORPHEI арт галерейд нээгдэж

08 сарын 19-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн,“Шинэ Үе урлаг” нийгэмлэгийн гишүүн зураач Б.Баасансүрэн нь 1969 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн.  1999 онд  СУИС-ийн харьяа ДУДэС-ийг төгсөөд мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуулиудад багшлахын хажуугаар гадаад дотоодын хамтарсан 20 гаруй үзэсгэлэнд оролцож, 3 удаа  бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан юм.

Энэ удаад том, дунд  хэмжээний  тосон будгийн уран зураг, холимог техник ашиглаж зурсан хийсвэр  зохиомжууд болон монгол ахуйг  дүрсэлсэн жижиг ажлуудаас бүрдсэн үзэсгэлэнгээ үзэгч олондоо толилуулж байна.

Уран бүтээлчийн  үзэл бодол (философи), дотоод мэдрэмж, харах өнцөг, илэрхийлж буй арга барил нь давтагдашгүй бөгөөд олон жилийн судалгаа туршлагын үр дүнд “Тоонолж”  хэмээх 120х392 см хэмжээтэй зотон даавуун дээр тосон будгаар зурсан  уран зургаа зохиомжлохдоо аливаа юмс үзэгдлийн алтан харьцаа буюу зохиомжийн сонгодог онол дээр тулгуурлаж, гурамсан тойрог  чагтлан огтлолцсон голч шугамаар тэнцүүлж,  монгол үндэсний тоонолжин хээ болоод  нарны цацраг мэт унь бүхий  тооныг санагдуулахаар дүрсэлсэн нь нүүдэлчдийн соёл, үнэт зүйлс бэлгэдлийг  уран бүтээлдээ тусган харуулахыг эрмэлзсэн юм.

Мөн хийсвэр зохиомж  болон Монгол ахуйг дүрслэн харуулсан  бусад бүтээлээ туурвихдаа уран зургийн зориулалтын материал, тухайлбал акрелик, паста, зотон, канвас ранел зэргээс гадна элс, марль гэх мэт материалыг ашиглан, олон удаагийн туршилтын үр дүнд өөрийн гэсэн арга барилыг бий болгожээ.

Холимог арга нь хурдан хатах, ус чийгэнд тэсвэртэй, хуйлж нугалахад гэмтэхгүй ба олон өнгийн тоглолт эфект харуулах, фактур  зураасыг тодруулан гаргах зэрэг хэд хэдэн давуу тал  байдаг.

 

 

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК