“ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2018”

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Д. Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийн дагуу уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт эерэгээр нөлөөлөх, “Бүтээлч-оюутан” гэсэн үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Шилдэг бүтээл”-ийн уралдаант үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

2017-2018 оны хичээлийн жилд тус уралдаан маань 1-2-р курсын оюутнуудын дунд “Хүн байгаль”, 3-4-р курсын оюутнуудын дунд “Хотын гудамж, миний нутаг” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Жилээс жилд оюутнуудын идэвхи, оролдлого, бүтээлч сэтгэлгээний цар хүрээ, уран бүтээлдээ хандах хандлагад өөрчлөлт орж байгаа нь  уралдаанд ирж буй оюутнуудын ажлуудаас тодорхой харагдаж байгаа бөгөөд уралдааны ач холбогдлыг ч мөн адил тодорхойлж байна.

Энэ удаагийн уралдаанд уран зураг, монгол зураг, зураасан зураг, монументаль уран зураг, уран баримал, уран дархан, уран сийлбэр, чимэглэх урлаг, арьсан урлаг, график дизайн мэргэжлийн 60 гаруй оюутан авъяас, ур чадвараа сорин оролцлоо.

Тус уралдаанаас сэдэв тус бүр дээр Гран при шагналын эзэнд СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос, Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Уранчимэгийн нэрэмжит шагнал, гадаад улс оронд уран бүтээлийн аялал хийх эрхийн бичиг, мөн сэдэв тус бүр дээр 1-3 байрыг эзлүүлэн урамшуулдаг.

Энэ жилийн уралдааныг зохион байгуулахад “UB арт галерей“ хамтран оролцож өөрсдийн галерейн нэрэмжит шагналыг 2 оюутанд олгохоор шийдвэрлэсэн байна.

Та бүхэн монголын ирээдүйн дүрслэх урлагийн төлөөлөл болсон оюутан залуусын уран бүтээлээр мэлмийгээ мялаан төгс мэдрэмж, сэтгэлийн цэнгэл эдлэн морилон саатахыг урьж байна.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК