ҮЗЭГДЭХҮЙ БА МЭДРЭХҮЙ

Зураач С.Болдбаатарын “Үзэгдэхүй ба мэдрэхүй” нэртэй дөрөв дэх бие даасан үзэсгэлэн Norphei Art галерейд гарлаа.
МУЭ-ийн ахмад гишүүн, Орчин үеийн “Хөх нар” төвийн гишүүн, Сoёлын тэргүүний ажилтан, ШУТИС-ийн ахмад багш, Боловсролын тэргүүний ажилтан, нэрт зураач С.Болдбаатар сүүлийн 2 жилд туурвисан бүтээлүүдээ үзэгч, сонирхогч, судлаач, мэргэжил нэгт олондоо дэлгэн үзүүлж буйг таалан соёрхоно уу.
Сэтгэлгээний болон байгаль орчин, тухайн үзэгдлүүдийг илэрхийлсэн уран зураг, зохиомж, хөрөг, зураасан зураг, холимог техникийн бүтээл, модны үндсээр зохиомжилсон суурь баримал зэрэг 50 гаруй бүтээл дэлгэгдэх болно. Ахмад зураач С. Болдбаатар нь 1972 оноос МУЭ-д харъяалагдан 47 жил уран бүтээлээ туурвиж, ШУТИС-ийн ҮТДС-д 20 жил багшилж, уран бүтээлч, дизайнер олон шавьтайдаа бахархаж явдаг багш зураач юм.
Уран бүтээлчийн сэтгэлгээ нь шинэлэг, эрэл хайгуул, судалгаатай, шинэ сонирхолтой уран бүтээл хийдэгт түүний онцлог оршино. Түүний уран бүтээлүүд нь гадаад дотоодын музей, галерей, уран зураг цуглуулагч, сонирхогчдын сан хөмрөгт өөрийн байр сууриа эзэлсэн байдаг. Тэрээр Герман, Франц, Бельги, Канад, Орос, Турк, БНХАУ, Япон, Швед, Польш, Өмнөд Солонгос, Дани, Тайвань зэрэг улс орнуудад өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан уран бүтээлч юм.
Энэ удаад Norphei Art галерейн зүгээс зураач С.Болдбаатар багшийн уран бүтээлч хандлага, сэтгэлгээний хийсвэрлэл, мэргэжлийн чадвар, авьяас билгийг хүндэтгэн уран бүтээлийн үзэсгэлэнг нь урилгаар зохион байгуулж байна.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК