THE DECODING

THE DECODING
хамтарсан үзэсгэлэн
Уран бүтээлч Ц.Солонго, Э.Сүндэръяа, Ш.Сүхбат нарын хамтарсан “The Decoding” хадны зургийн сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн 2020 оны 02 сарын 14-03 дугаар сарын 1-ны хооронд Norphei арт галерейд дэлгэсэн байгаа ч олон нийтийн үйл ажиллагаа хориглосон учир уран бүтээлүүдийг цахим галерей байдлаар хүргэж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь хадны зургийн дүрслэл нь эрт үеэс хойч үеийнхэн бидэнд кодолж үлдээсэн өвөг дээдсийн захиас хэмээн үзэж байна. Захиасыг тайлахын тулд дахин ойлгох, дахин бодох, дахин дүрслэх, дахин туурвих, дэлхий ертөнцөд дахин танилцуулах юм. Тус үзэсгэлэнгийн куратороор урлаг судлаач, PhD. Д.Уранчимэг, үзэсгэлэнгийн спонсроор Соёлын элч Х.Дамдинсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд “The Decoding” үзэсгэлэнгийн бүтээлүүд нь түүхэн олдвор, эртний дүрслэлээс санаа авсан залуу уран бүтээлчдийн 20 гаруй бүтээлүүдээс бүрдэж байна.

XXI зууны залуу үе энэ сэдвийг хэрхэн төсөөлж, орчин үеийн урлагаар илэрхийлж байгаа нь сонирхол татахуйц бөгөөд та бүхний хувьд The Decoding үзэсгэлэн нь чулуун дээрх түүхийг унших гайхамшигт мөч байх болно.

Төв Азийн Монгол Улс нь нүүдэлчдийн өвөрмөц эрхэмсэг соёл иргэншлээрээ дэлхийд гайхуулсан эртний баялаг түүхтэй орон юм. Судлаачдын үзэж байгаагаар эдүгээ монгол орны газар нутаг дээр 500 орчим байгалийн тогтцод хадны зураг хадгалагдан үлджээ. Эдгээрээс хамгийн алдартай, хамгийн өвөрмөц нь Монгол Алтайн нуруунд орших цогцолбор дурсгал юм. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад зүй ёсоор багтсан Монгол Алтайн нурууны хадны сүг зургийн анхаарал татдаг ажээ.

Хадны зургийн дурсгал бол үүх түүхээ хойч үедээ хэрхэн яаж үлдээх талаар бодож олсон өвөг дээдсийн мэргэн ухаан, уран дүрслэл юм.

 

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК