ADVENTURE

“ADVENTURE”-Д.Азжаргалын бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн

БИ АЯЛАХ ДУРТАЙ…    

Залуу уран бүтээлч , Урчуудын эвлэлийн гишүүн зураач  Д.Азжаргал /Даз арт/-н “Adventure”  судалбар зургийн үзэсгэлэн 2019.10.25-11.02 хооронд “Norphei” арт галерейд дэлгэгдэнэ. Энэ нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм. Хоёр дахь бие даасан үзэсгэлэндээ 2011 оноос өнөөг хүртэл аялсан аяллын тэмдэглэл болох судалбар зураг,  байгалийн гэрэл зураг мөн аяллын хугацаанд тохиолдсон сонирхолтой агшинг баримтжуулсан гэрэл зураг багтана. Уг үзэсгэлэнгээр аялсан газрынхаа гэрэл зураг болон судалбар зургийн тэмдэглэлээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт газар нутгийг үзэгч олондоо таниулан сурталчилах гол зорилго агуулжээ. Д.Азжаргалын эдгээр судалбар тэмдэглэл нь цаашид өөрийн уран бүтээлээ туурвих санаа сэдэлд зориулагдсан судалгааны эхлэлийг тавьж байгаа юм. Үзэсгэлэнд 50 гаруй судалбар этюд болон 40 гаруй гэрэл зураг, 30 гаруй аяллын тэмдэглэл дэлгэгдэнэ. Аяллын  замд таарсан газар орны байгалийн сайхныг  гэрэл зурагт үлдээн бас олон арван судалбар зургуудаа тосон будаг, хуурай пастель, тосон пастелиар хийснээ одоо эргэн харахад сайхан байгаа болов уу. Хаврын оройн жаргах нарны гэрэлд цайран харагдах гэр, газар тусах хашааны бараан сүүдэр, Ерөө гол,Туул гол, Өгий нуур, Заамар, Сэрүүний нутаг, Улаанбаатарын ойролцоох Төр хурах, Хар усан тохой, Цонжин болдог болон Хөвсгөлийн Хорьдол сарьдаг уулс, Хар зүрхний хөх нуур, Улиастай, Элсэн тасархай зэрэг эх орныхоо байгалийн сайхныг өглөө, өдөр, орой, цастай, цасгүй, хавар, намар зэрэг олон өнгө аяс болон хүйтэн өнгийг дулаан өнгөтэй хоршуулан зохицуулж харуулахдаа судалбар зургийн арга барилыг чадамгай эзэмшсэнээ үзүүлж чадлаа. Судалбар зураг нь байгалийн сайхныг агшин зуурт буулган авдаг онцлогтой учир зураачаас өндөр ур чадвар шаарддаг билээ. Зураач хүн гэрэл зураг авахдаа зохиомжоо маш чадварлаг сонгодог нь ажиглагддаг. Олон сайхан гэрэл зургууддаа гол зүйлээ онцлон  дурандаа буулгасан санагдаж байна. Одоо Д.Азжаргал нь гэрэл зургуудаа эргэн харахдаа туулан өнгөрсөн замаараа ахин аялах мэт сэтгэгдэл төрдөг байж магад. Амьдралдаа хэзээ ч мартагдашгүй сайхан түүхэн дурсамж үлдээж чадсан нь нүднээ илхэн харагдана. Гэрэл зургуудаараа тухайн цаг үеийн байгалийн сайхан,  агшин зуурын хувирал, хувьслын онцлог үеүдийг өөртөө үлдээж ээ.

Багаасаа аялалд дуртай зураач залуу маань 2011 онд 1600км замыг дугуйгаар  тойрон

аялсан нь адал явдалт аяллын эхлэл болсон билээ. Ийнхүү би аялах дуртай гэж хэлдэг               АЗ ЖАРГАЛ-тай зураач залуугийн ертөнцөд тавтай морилно уу.

Зураач С. Төгс-Оюун.

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК