REASON TO BE

REASON TO BE   уран зургийн үзэсгэлэн 

 Залуу уран бүтээлч Бат-Эрдэнийн Баттогтохын анхны бие даасан уран зургийн үзэсгэлэн Norphei Art Galleery-д 2019 оны 12 арын 6-ны орой 6:30-с нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд та зочилоод түүний хувь хүний онцлог, зан араншинг толидон харахаас гадна хүний эгэл сэтгэл хөдлөлүүдийг9гол дүрүүдийн нүүрний хувирал) бүтээлдээ хэрхэн чөлөөтэй илэрхийлсэн нь нэн түрүүнд таны нүдэнд тусна. Тэрээр өөрийн бүтээлүүдийг аливаа үзэгч хараад “яг л энэ зураач мөн байна” гэж таниасай хэмээн хүсдэг.Энэ удаагийн үзэсгэлэнгийн уран бүтээлүүдийн гял цал бус даруухан өнгө төрх нь залуу уран бүтээлчийг таних нэгэн тэмдэг гэлтэй.Баттогтох хэдийгээр барууны  нэрт зураачид болох Модиглиани/Amedeo Modigliani/, Бош/Hieronymus Bosch/-оос урам авч тэдний бүтээлүүдийг бишрэн үнэлдэг ч өөрийн гэсэн зураачын содон өнгө төрөхөө аль хэдийн олж чадсан байна.Нэрт зураач Пабло Пикассо/Pablo Picasso/ “Уран зураг бол өдрийн тэмдэглэлээ хөтлөх бас нэгэн арга” гэж хэлсэн. Үүнтэй адил Баттогтохын бүтээлүүдээс хүний өдөр тутамын амьдралын хэв маягийг тодхон харж болно. Жишээлбэл тэрээр “Not Their Job” бүтээлдээ бидний гэр ахуйн цэвэрлэгээ, угаалгыг ёжтойгоор илэрхийлэн харуулжээ.

аттогтохын уран бүтээлүүдээс дан ганц өдөр тутамын үйл явдал, моментийг ажиглахаас гадна нийгэмд болж буй шүүмжлэлт асуудлуудыг харах боломжтой. Жишээлбэл түүний “Free Market” болон “Populism” бүтээлүүдэд энэ цагийн нийгэм дэх нийтлэг дүрүүдийг шүүмжтэй дүрсэлжээ.

REASON TO BE” ҮЗЭСГЭЛЭН

Зураач Б.Баттогтохын анхны бие даасан үзэсгэлэн “REASON TO BE” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байна. Тэрээр 2015 онд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Монументаль уран зургийн ангийг Б.Төмөрбаатар багшийн удирдлага дор сурч төгсчээ.Сургуулиа төгссөн цагаасаа эхлэн уран бүтээлийнхээ эрэл хайгуулд гарч залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулагддаг хэд хэдэн үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор иржээ.

 Ургаа мод үндэстэй

Учир явдал шалтгаантай

Аливаа зүйлс бүгд учир утгатай, шалтгаантай байдаг. Нийгмийн талаасаа ч тэр, хувь хүн, орон зайн талаасаа ч тэр. Учир шалтгаан болгоныг бид тэр бүр ойшоодоггүй, ойлгодоггүй, зарим тохиолдолд ойлгохыг ч хүсдэггүй. Энэ нь бидний оршин амьдарч байгаа нийгмийн зүй тогтол, даяарчлалын эерэг болон сөрөг үр дагаваруудтай холбогдон тайлбарлагдах нь дамжиггүй.

Залуу зураач Б.Баттогтохын учир утга, шалтгааны олон сэжүүрийг эрэлхийлэн түүндээ хариулт авахыг хүссэн шүүмжлэлт болон иргэний шинжтэй бүтээлүүдээс нь бид орчноо болон өөрийн дотоод ертөнцөө таних гэсэн оролдогуудыг харж болно. Тэрээр бодит хэлбэрт баригдалгүй, тухайн хэлбэрийн цаана орших үл мэдэгдэх агуулга руу нэвтэрч юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг үзүүлэхийг оролджээ.

Түүний бүтээлүүдийн нэг онцлог бол том жижиг, олон янзын хэлбэр, хөдөлгөөнтэй гарны дүрслэлүүд гэж хэлж болно. Гарын хөдөлгөөнөөр бид хүний  зан байдал, донж намба,  хүсэл мөрөөдөл, сайн муу чанар хийгээд дотоод сэтгэлийн илэрхийлэл, дүрүүдийн хоорондын харилцаа, хүүрнэл гээд маш олон зүйлийг уншиж, ойлгож, мэдэрдэг.

Бүтээлүүд дэх гарын хөдөлгөөнөөр зохиомж дахь хүмүүсийн байрлал, орон зайг тодруулах, хөдөлгөөний хэмнэл, давтамжтай нь хослуулан илэрхийлэх санаагаа товойлгон өгч байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, “Чөлөөт зах зээл”, “Популизм” хэмээх бүтээлд гарын хөдөлгөөн, нүүрний хувирлаар өнөөгийн нийгэм дэх ороо бусгаа байдал, дайсагнал, үзэн ядалт, зөрчил, хямрал, зах зээлийн шуурга дахь хүмүүсийн худал хуурмаг дүр төрхийг олж харах бол “Хайр”, “Эгч дүүс”, “Өрөө”, “Өнгөрсөнд” зэрэг бүтээлүүдээс бид эсрэгээр нь эерэг дулаан, хайр энэрлийг мэдэрнэ.

Зураачдын бүтээлийн өнгө бол тухайн уран бүтээлчийн өөрийнх нь дотоод мэдрэмж таашаалаас урсан гардаг, бүтээлийн агуулгыг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг, мэдрэмж болоод мөн чанарыг тодорхойлох чухал зүйл байдаг. Б.Баттогтохын бүтээлд завсрын зөөлөн өнгөнүүдийг хар, хар хөх өнгөтэй хослуулан цул тагласан байдлаар шийдэж, өнгө, дүр дүрслэлийн ерөнхийлөлийг чимэглэлийн өнгө аяс бүхий хэмнэл давтамжийн тоглолттой хослуулан оруулж өгсөн нь агуулга талаасаа ч тэр, зохиомжийн шийдэл талаасаа ч тэр зөв шийдэл болж чаджээ.

Залуу зураач Б.Баттогтохдоо Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн өнгө аяс, дуу хоолой бүхий бүтээлүүдээрээ үзэгч олны мэлмийг мялаан, дахин дахин эргэн уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Урлаг судлалын ухааны доктор (Ph.D)  П.Байгаль

2019.11.28

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК